ГОЛОМТ БАНКНЫ “B” ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ СТАНДАРТ ПҮҮРС АГЕНТЛАГ ДАХИН БАТАЛГААЖУУЛЛАА
Буцах
2015-08-13

2015 оны 7-р сарын 31-нд олон улсын “Стандарт Пүүрс Зэрэглэлийн Үнэлгээний Үйлчилгээ” (Standard & Poors) агентлаг Голомт банкны урт болон богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэмээн дахин баталгаажууллаа. Зээлжих зэрэглэлийн хэтийн төлвийг “Стандарт Пүүрс” агентлаг сөрөг хэвээр гэж тодорхойлсон нь Монгол улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвтэй ижил (B+/Сөрөг/B) буюу ирэх 12 сарын хугацаанд Монголын эдийн засгийн эрсдэл өсөх төлөвтэй, улмаар банкны зээлжих зэрэглэлд нөлөөлөх магадлалтай гэсэнтэй холбон тайлбарлажээ.

Голомт банкны зээлжих зэрэглэлийг тогтоохдоо активын хэмжээгээрээ Монгол улсын банкны салбарт эхний гуравт багтах тус банкны байр суурь, оновчтой салбар нэгжийн бодлого бүхий өрсөлдөхүйц эх үүсвэрийн бүтэц зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн гэж тус үнэлгээний байгууллагаас мэдээллээ. Мөн түүнчлэн, Голомт банкны биеэ даасан зээлжих зэрэглэл “B” нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн түвшинтэй ойролцоо байгаагаас шалтгаалан цаашид Голомт банкны үнэлгээнд Засгийн газрын үнэлгээнээс хамаарах аливаа нөлөөлөл дуусгавар болсныг дурдсан байна. 

Тус үнэлгээний байгууллагаас Монголын банкны салбарын зээлийн өсөлтийн хэмжээ тогтвортой түвшинд хүрэх эсвэл үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтворжих замаар банкны салбарын эрсдлийн түвшин мэдэгдэхүйц хэмжээнд буурсан тохиолдолд “Сөрөг” хэтийн төлвийг “Тогтвортой” төлөвт шилжүүлэх боломжтой гэсэн байна.