ГОЛОМТ БАНК FATCA ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ АРИЛЖААНЫ БАНК БОЛЛОО
Буцах
2014-05-13

АНУ-ын FATCA (Foreign Account Tax Compliance Act) буюу Хилийн чинад дахь дансанд татвар ноогдуулах тухай хууль нь 2010 онд батлагдсан бөгөөд уг хуулийн хүрээнд дэлхийн  банк санхүүгийн байгууллагууд АНУ-ын татварын байгууллага болох Internal Revenue Service-тэй гэрээ байгуулан,  АНУ-ын татвар төлөгчдийн талаарх  мэдээллийг хүргүүлэх үүрэг хүлээж байгаа юм.

Одоогийн байдлаар FATCA хуулийг хэрэгжүүлэхээр дэлхийн 50 гаруй орон АНУ-ын Засгийн газартай гэрээ байгуулсан бөгөөд 20 гаруй улс нэгдэхээр хэлэлцээрийн шатандаа явж байна. 

Улс орны хооронд хийгдэж буй гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай ямарваа саад бэрхшээлгүй гүйцэтгэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэх нь олон улсын банкуудын зайлшгүй хүлээх ёстой үүрэг  болж байна. 

2014 оны 7-р сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх  FATCA хуулийг  хэрэгжүүлэхийн тулд юун түрүүнд тухайн улс орны санхүүгийн байгууллагууд АНУ-ын татварын байгууллага (IRS-Internal Revenue Service)-д бүртгүүлэх үүрэгтэй.  Үүний дагуу Голомт банк Монгол Улсын дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг биелүүлж, олон улсын харилцааг  хүндэтгэн FATCA хуулийг дагаж мөрдөхөө мэдэгдлээ.  

Ингэснээр улам бүр даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд, харилцагчиддаа зориулсан санхүүгийн олон төрлийн үйлчилгээг саадгүй хурдтай үзүүлэх, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, олон улсын стандарт шаардлагыг хангаж ажиллах эрхэм зорилгоо биелүүлсэн Монгол Улсын анхны банк болж байна.