ГОЛОМТ БАНК ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГООР МАНЛАЙЛАГЧ БАНКААР ШАЛГАРЛАА
Буцах
2015-12-14

Монголын Банкны Холбоо, IFC, FMO, UNEP FI, БОНХАЖЯ, Монголбанк, НЗД болон МҮХАҮТ, арилжааны банкууд хамтран Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015 арга хэмжээг “Ногоон зээлийн сан-Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдвийн дор 2015.11.27-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр Голомт банкийг “ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГООР МАНЛАЙЛАГЧ БАНК”-аар тодруулсан байна.

Монголд “Ногоон зээл”-ийн санаачилгыг анхлан гаргасан Голомт банкны хамт олон Тогтвортой санхүүжилтийн бодлогыг /ТоС/ хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгаль орчин, нийгэмд хор хөнөөлгүй бүхий л бизнес, бүтээн байгуулалтыг дэмжин, өөрийн үйл ажиллагаагаараа харилцагчид болон нийгэмдээ манлайлан ажиллаж байна.

2015 онд Голомт банк нь НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн Санхүүгийн Санаачилга буюу UNEP FI-д нэгдсэн бөгөөд эх дэлхийгээ хайрлах, харилцагчдынхаа үнэт цагийг хэмнэх зорилготой “Цаасгүй банк” аяныг өрнүүлсэн юм.

Мөн Голомт банкны  шинэ төрлийн цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, харилцагчдын хамрах хүрээг нэмэгдүүлж буйг үнэлэн дэлхийн банк санхүүгийн байгууллагын нэр хүндийг тодорхойлогч “Global finance” сэтгүүлээс Голомт банкийг Монгол улсын 2015 оны “Шилдэг интернэт банк”-аар өргөмжлөөд байна.

Голомт банк нь иргэд харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор www.edu.golomtbank.com болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан www.sme.golomtbank.com сайтыг нээсэн бөгөөд банкны хэмжээнд “Ногоон оффис” аяныг зарлаж, ерөнхий боловсролын сургуулиудад “Эко клуб” байгуулан, “Мөрөөдөлдөө хүрэх санхүүгийн боловсрол” сургалтыг Монгол Улс даяар зохион байгуулсан гээд олон ажлыг хийж гүйцэтгэлээ.

Түүнчлэн Голомт банк нь Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхай, эрчим хүч, барилга, ойн аж ахуй, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, химийн бодис зэрэг салбаруудын зээлийн бодлогодоо байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлж, ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзах зэргээр дотоод үйл ажиллагаандаа ТоС-ийн зарчим, шаардлагуудыг баримтлан, амжилттай ажиллаж байна